ШИНЭ САНААГ ХЭРХЭН БИЗНЕС ТӨСӨЛ БОЛГОХ ВЭ?

Шинэ бизнес эрхлэгч хэн бүхэнд олон санааг бизнес болтол нь хөгжүүлэх, судлах хэрэгцээ байдаг.

Хэрэгжүүлэх ажлын дарааллыг дараах байдлаар тодорхойлж байна:

I. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СТРАТЕГИД НИЙЦСЭН ЭСЭХИЙГ ҮНЭЛЭХ

Хөрөнгө оруулалтын стратеги болон шалгуур үзүүлэлт боловсруулах хэрэгтэй. Монголын зах зээл жижиг учраас зарим тохиолдолд холбоотой нэг бизнесээ дэмжих бизнесүүдийг давхар хийх хэрэгтэй болдог. Иймд салбарын онцлог, өөрийн онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдээр дараах байдлаар үнэлгээг хийнэ.

  1. Хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шинэ бизнес санааг үнэлэх ижил төстэй бизнесүүдийн талаар анхан шатны мэдээлэл цуглуулах,
  2. Хөрөнгө оруулалтын санааг хөрөнгө оруулалтын стратегийн хүрээнд үнэлэх
  3. Хөрөнгө оруулалтын стратегид нийцсэн бол цаашид судлах нийцээгүй бол процессыг дуусгах

II. САЛБАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ

Бизнес төслийн салбарын шинжилгээг олон аргазүйгээр харьцуулж хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тухайн салбарын нийт зах зээлийн багтаамж, өрсөлдөгчдийн эзлэх хувь, сул орон зай байгаа эсэхийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл салбарын нийт тоглогчдын тоо, салбарын тренд тодорхойлогч компаниудыг судална.

Салбарын хийх шинжилгээнүүд:

  • Портерын 5 хүчний шинжилгээг хийх
  • Хууль эрхзүйн орчин
  • Бэлтэн нийлүүлэгчийн талаар мэдээлэл цуглуулах
  • Хэрэглэгчийн талаар мэдээлэл цуглуулах
  • Салбарын тренд тодорхойлогч компаниудын бүтээгдэхүүний онцлогийг судлах
  • Strategic Group Map хийх зэрэг шинжилгээнүүдийг хийнэ.

Эцэст нь салбарын шинжилгээг нэгтгэн дүгнэж, загвар боловсруулна:

  1. Салбарын шинжилгээ хийх, бизнес санааг үнэлэх
  2. Бизнес загвар боловсруулах, танилцуулах
  3. Цаашид судлах эсвэл процессыг дуусгах

III. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХАН ШАТНЫ ТООЦООЛОЛ

Шаардлагатай хөрөнгө оруулалт, орлого, зардлын тооцоололд шаардлагатай мэдээллүүдийг цуглуулах, шинжилгээ хийнэ.

  • Шаардлагатай газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг томоохон дүнтэй хөрөнгүүдийн судалгааг хийж үнийн санал авах
  • Борлуулалтын анхан шатны төлөвлөгөө боловсруулах
  • Салбарын ашигт ажиллагааны хувийг үйл ажиллагааны ашигтай харьцуулах
  • Хөрөнгө оруулалтын анхан шатны шинжилгээг хийх, үр ашгийг үнэлэх

Хөрөнгө оруулалтын шинжилгээнд үндэслэн төслийн үр ашиг, анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, мөнгөн урсгал, орлогын тайлан гарна:

  1. Хөрөнгө оруулалтын анхан тооцооллыг хийх, танилцуулах
  2. Цаашид судлах эсвэл процессыг дуусгах

IV. БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Олон улсын стандарт загварын дагуу бүрэн хэмжээний төсөл боловсруулна. Төслийн танилцуулга, зах зээл, маркетинг борлуулалтын төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөлт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ гэсэн хэсгээс бүрдэнэ.

V. ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ

Хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга хийгдсэнээр та дотоод, гадаадын эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах үндсэн суурь бүрдэнэ.

Та бүхэн одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, шинэ зах зээлд хөл тавих гэж байгаа бол суурь судалгааг сайн хийж, сайн төлөвлөлтэйгөөр ажиллахыг зөвлөж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.micg.mn сайтаас аваарай.